Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг л мэдэхэд бид 2021 онтой золгоод 2 сар хэдийнээ болжээ.

Үргэлжилсэн хөл хориотой урт өдрүүд өнгөрч байгаа ч Монголчууд бид үүнд хэдийнэ дасан зохицож ажил амьдрал, сурах арга барилаа өөрчилсөөр 1 жил болсон байна.

Сургалтууд танхимаар хичээллэх боломжгүй болж бүгд онлайн руу шилжихийг эрэлхийлж буй энэ үед анхнаасаа онлайн орчинд цахимаар Англи хэл дээр ном унших боломжтой гэдгээрээ танигдсан xreading.com эрэлт ихтэй байна. Бид энэ удаад марафон зохион байгуулдагаараа танил болсон Лингорс компанийн гүйцэтгэх захирал М.Оюунтуяатай 2021 оны уншлагын марафоны талаар ярилцлаа.

-Лингорсыг Англи хэл дээр ном унших марафоныг зохион байгуулдагаар нь манай уншигчид хэдийнэ мэддэг болсон. Энэ удаагийн Reading Marathon-2021 өмнөх марафонуудаас юугаараа ялгаатай вэ? Энэ талаар мэдээлэл өгөхөөс яриагаа эхэлье.

Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Лингорс компанийн хувьд 2019 оноос хойш англи хэл суралцагчдад зориулаад Уншлагын марафон, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 13 удаагийн марафон, хөтөлбөрт нийт 8000 оролцогч хамрагдаад байна.

Энэ оны анхны уншлагын марафоны тухайд гол онцлог нь оролцогчид ганцаарчилсан бус хэн нэгэнтэй хамт баг болоод оролцох юм. Багийн хоёр гишүүн ном унших, сонсох болзолоо тус тусдаа биелүүлэхээс гадна багийн ажил дээрээ хамтрах юм. Багийн хоёр гишүүний чиг үүргийн хувьд нэг нь supporter буюу дэмжин туслагч, нөгөө гишүүн нь хамтран уншигч байх юм.

Энэ нь цаашлаад англи хэлээ хамтдаа сайжруулах хамтрагчтай болох, гишүүдэд нэг нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжих боломжийг олгосон марафон байх болно. Энгийнээр бол хамтдаа англи хэлээ сайжруулж хөгжих нь энэ марафоны гол зорилго гэж хэлж болно.

Supporter буюу дэмжин туслагч дээр дийлэнхи оролцогчид маань анхаарлаа төвлөрүүлж байх шиг ажиглагдсан. Ер нь supporter-н гол үүрэг юу байх вэ, мөн supporter болохын давуу тал нь юу вэ?

Энэ асуултад хариулахаас өмнө яагаад багийн хамтын ажиллагаа чухал болохыг жишээгээр тайлбарламаар санагдлаа.

Бид өнгөрсөн оны 11 дүгээр сард 1900 гаруй оролцогчтой Багийн марафоныг улсын хэмжээнд зохион байгуулсан, гүйцэтгэл үр дүн бол үнэхээр гайхалтай байсан. Оролцогч бүр өөрсдөдөө унших дадлыг бий болгож чадсан гайхалтай үр дүнг бидэнд үзүүлсэн. Багаар оролцоно гэдэг нь нэг талаар багийн гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг, мөн нөгөө талаар хамтдаа нэг нэгэндээ зөвлөөд дэмждэг тул давуу тал ихтэй. Энэ талаар олон оролцогчид их үр дүнтэй байсан гэсэн санал сэтгэгдлээ марафоны үеэр хуваалцаж байсан. Тухайн үед баг бүр 5 гишүүнтэй, нэг нь багаа ахалж, багийн гишүүдээ чиглүүлэх, багийн ажиллагааг хангах зэрэг үүрэгтэй оролцож байсан.

Тэгвэл энэ удаагийн “Reading Marathon-2021”-ын хувьд баг тус бүр 2 гишүүнтэй байна, нэг гишүүн нь багийн ахлагчийн адил үүрэг гүйцэтгэнэ. Үүнийг бид энгийнээр дэмжин туслагч (supporter) гэж нэрлэсэн байгаа. Оролцох сонирхолтой хүмүүст хандаж зөвлөхөд дэмжин туслагч байна уу, хамтран уншигч уу гэхээс илүүтэйгээр хамгийн гол зүйл нь тухайн багийн хоёр гишүүн марафонд хамтдаа оролцох хүсэлтэй байна уу, зорилго нэгдээд тууштай 21 хоногийн хугацаанд хичээгээд марафоны бүх болзолоо хангах хүсэл тэмүүлэл байна уу гэдэг нь л чухал. Нэгэнтээ зориод нэг баг болоод оролцсон үед зорилгынхоо төлөө хамтдаа хичээгээд бариандаа амжилттай оролцож чадах нь тодорхой юм.

Supporter буюу дэмжин туслагч заавал Англи хэлний багш хүн байх уу, эсвэл өмнөх марафонд оролцсон туршлагатай уншигч байх ёстой гэсэн шаардлага байгаа юу?

Дэмжин туслагч буюу supporter-ийг бид заавал англи хэлний багш, эсвэл туршлагатай уншигч байна гэж хязгаарлахгүй. Дэмжин туслагч гэдэг бол хамтран уншигчтайгаа нэг баг болоод оролцохыг хүссэн хэн ч байж болно. Жишээ нь нэг ангийн хоёр найз байлаа гэж бодъё, анх марафонд бүртгэлийн маягт бөглөхдөө л нэг нь дэмжин туслагч буюу багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэнэ, нөгөө гишүүн нь хамтран уншигч байхаа маягтын дагуу мэдээллээ бөглөхөд л хангалттай. Ингээд бие биенийхээ өмнө хариуцлага хүлээж марафоны явцад нэг нэгнээ дэмжиж хамтран ажиллах юм.

Админ эрхтэй багш дэмжин туслагчаар орж болох уу? Тусдаа шаардлага бий юу?

Англи хэлний багш нарын хувьд манай байгууллагатай Xreading цахим номын сангийн институтэд зориулсан админ эрхээр хамтран ажилладаг. Энэ хүрээнд сурагчдадаа баг бүрдүүлж оролцуулах, тэдэн ментор хийх, зөвлөн чиглүүлэх үүрэгтэйгээр оролцдог. Лингорсоос зохион байгуулж буй марафон болон бусад хөтөлбөрүүдэд админ эрхтэй багш нар маань оролцох нь нээлттэй. Жишээ нь: Энэ удаагийн марафонд гэхэд багш нарын хувьд өөрсдөө хамтран уншигч, эсхүл дэмжин туслагч нь болоод бүртгүүлж байгаа. Зарим багш нарын хувьд хүүхэдтэйгээ, эсвэл шавьтайгаа гэх мэтээр бүртгүүлж байна. Ер нь бол англи хэлээ сайжруулахыг хүссэн хүн бүхэнд марафон маань нээлттэй гэдгийг дахин хэлье.

Хоёр хүн нэг баг болоод орж байгаа шүү дээ. Тэгэхээр сурагчдын, насан хүрэгчдийн гэсэн ангилал байхгүй гэсэн үг үү? Өөрөөр хэлбэл ээж охин хоёр уншдаг байлаа гэхэд хоёулаа нэг баг болоод оролцох боломжтой юу?

Тэгэлгүй яахав, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтдаа нэг баг болоод оролцож болно. Яагаад гэхээр энэ удаагийн марафоны бас нэгэн онцлог нь ямар нэг насны ангилал заагаагүй байгаа. Тиймээс ч энэ удаад гэр бүлийн гишүүд хоорондоо нэг баг болоод нийлээд бүртгүүлэх боломжтой. Энэ нь сонирхолтой санагдаж байгаа, ялангуяа ковидын үеийн хорио цээрийн дэглэм баримталж буй энэ үед гэртээ хамтдаа ном уншаад, түүнийгээ ярилцаад, англи хэлээ сайжруулах, өөрсдийгөө сорих гэх мэт олон давуу талтай гэж бидний зүгээс харж байгаа. Зөвхөн гэр бүлийн хүрээнд төдийгүй найзтайгаа, дүүтэйгээ, ахтайгаа, эгчтэйгээ, хамаатан садантайгаа, ажлын хамтрагчтайгаа гээд сонголт бол хязгааргүй. Ер нь ямар ч хүн хэнтэй хамт юу хийж бүтээхээ аль хэдийнээ төлөвлөсөн байдаг, итгэсэн хүндээ л ханддаг. Тэгэхээр багийн гишүүнээ сонгохдоо ч энэ зарчмыг барьж болно.

Мөн өөр баг бүрдүүлэхтэй холбоотой зөвлөгөө өгөхөд манай Монгол дахь идэвхитэй уншигч гишүүдийн нэгдэл бүхий Extensive Readers in Mongolia группээс багийн гишүүнээ олж, баг бүрдүүлээд ч оролцох боломжтой байдаг. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монгол дахь уншигчдын цар хүрээ үнэхээр өргөжиж байгаа, сайн туршлагууд бий болсоор байгаа.

Багийн гишүүдийн xreading цахим номын сангийн эрхийн тухайд товчхон мэдээлэл өгөөч. Дундаа нэг эрхтэй байж болох уу, багийн аль нэг гишүүн нь цахим номын сангийн эрхгүй бол шинээр эрхээ аваад оролцох уу?

Марафонд өмнө нь оролцож байсан хүмүүсийн хувьд бол сайн мэдэж байгаа, бидний зохион байгуулаад байгаа марафон хөтөлбөрүүд бол Xreading цахим номын сангийн уншигч гишүүдээ идэвхижүүлэх, тэдэнд унших дадлыг бий болгох замаар англи хэлний түвшинг нь тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Тиймээс ч марафонд Xreading цахим номын сангийн хэрэглэгчийн эрхтэй оролцогчид л бүртгүүлэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл багийн хоёр гишүүн тус тусдаа цахим номын сангийн эрхтэй байх ёстой. Учир нь марафоны хугацаанд харилцан адилгүй өөр өөрсдийнхөө англи хэлний түвшинд тохирсон, сонирхолд нийцсэн номыг сонгож уншина. Мөн багийн гишүүд гүйцэтгэлээ хангаж байгаа эсэхийг явцын тайлангаар ил тод Монгол дахь гишүүдийнхээ нэгдсэн групп дээрээ мэдээлдэг.

Өмнө уншсан ном марафоны үеэр тооцогдох уу?

Бидний зүгээс ялангуяа шинэхэн хэрэглэгчдийн хувьд марафон эхлэхээс өмнө Xreading цахим номын сангаа хэрэглэж сурах, урьдчилаад ном уншиж дадлагажихыг зөвлөдөг. Гэсэн хэдий ч марафон эхлэхээс өмнө уншсан ямар ч ном гүйцэтгэлд тооцогдохгүй. Учир нь оролцогчдын уншилт нэгэн адил гараанаас тооцогдох ёстой. Тиймээс явцын тайланг гаргахдаа марафон эхэлсэн өдрөөс хойш гүйцэтгэлээр тайланг гаргадаг. Манайхыг сайн мэдэхгүй хүмүүст тодруулж хэлэхэд уншсан ном бүрийн хувьд ойлголт бататгах тест өгөх бөгөөд тухайн тестээ амжилттай буюу 60-иас дээш хувь өгсөнөөр уншсан номын гүйцэтгэл нь тооцогддог. Мөн оролцогчдын хувьд хүссэн үедээ өөрсдийнхөө гүйцэтгэлийг он сараа тохируулаад харах боломжтой. Зорилго тавиад англи хэлээ суралцаж байгаа үед өөрийнхөө гүйцэтгэл, ахицыг ингээд хянана гэдэг бол давуу талтай.

Багаараа хамтран долоо хоног бүрийн нэмэлт даалгавруудыг Extensive Readers in Mongolia групп дээр постоор оруулна гэсэн байсан. Тэгэхээр адилхан ном унших ёстой гэсэн үг үү?

Багийн гишүүдийн хувьд унших, сонсох болзлуудаа тус бүртээ бүрэн хангах ёстой. Унших ном заавал адил байх шаардлагагүй. Харин багаараа долоо хоногт нэг удаа багийн ажил хамтран гүйцэтгэх ба тухайн даалгавар гүйцэтгэх хүрээнд ном нь адил ном байж болно.Тодруулахад багаар гүйцэтгэх нэмэлт даалгавар гэдэг нь өөрсдийн сурсан, мэдсэн туршлагаа Extensive Readers in Mongolia гэсэн хаалттай гишүүдийн групп дээр хуваалцахыг хэлж байгаа юм.

Мөн багийн гишүүдийн оролцоог хэрхэн хангаж, бас хэрхэн үнэлэх вэ?

Дээр хэлсэнчлэн бид багийн гишүүдийн ном уншсан гүйцэтгэлийг гишүүн тус бүрээр системээс явцын тайлангаар гаргаж ажиллана. Тэгэхээр болзлоо бүрэн биелүүлсэн бүх баг бариандаа амжилттай шалгарсанд тооцогдоно. Марафоны бариандаа амжилттай шалгарсан багуудад амжилттай оролцсоныг баталгаажуулж, зохион байгуулагч байгууллагуудын сертификат олгогддог.

Энэ удаагийн марафонд багуудын 7 номинациар шалгаруулахаар байсан. Тэгэхээр тэрийг үнэлэх гол шалгуур нь юу байх вэ?

Марафоны гурван долоо хоногийн хугацаан дахь болзлуудыг дарааллан бүрэн хангасан багуудаас бид 7 номинациар шилдэг нэг багийг уншсан гүйцэтгэлээр, бусад шилдэг 6 багийг Extensive Readers in Mongolia гээд Монгол дахь гишүүдийн нэгдсэн групп дээрх гишүүдийн хандалтаар шалгаруулна. Багууд долоо хоног бүр уншсан номын сэтгэгдлээ видео бичлэг, зураг, эссе, анимейшн зэрэг аль ч байдлаар оруулж болно. Үүнээс хамгийн их лайк цуглууснаар шилдэг багуудыг шалгаруулна. Үүн дээр нэмээд нэг зүйлийг сануулахад төлөвлөгөөт постоо оруулахдаа #хөгжилтэй #бүтээлч гэх мэт хаштагийг заавал ашигласан байна.

Хугацааны хувьд хэзээнээс эхлэх вэ, бүртгэл нь хэзээ дуусах вэ?

Марафоны эхлэх хугацааны хувьд сар шинийн баярын дараа эхлүүлэхээр төлөвлөсөн. Бүртгэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хаагдах ба 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эхэлнэ. Марафоны үргэлжлэх хугацаа 21 хоног буюу гурван долоо хоногийн туршид явагдана.

Багийн гишүүнээ заавал бүртгүүлэх үү?

Тиймээ заавал бүртгүүлнэ. Багийн хоёр гишүүний аль нэг нь төлөөлөөд бүртгэлийн маягтаа бүрэн гүйцэт бөглөхөд хангалттай. Марафон эхлэхийн өмнө оролцогч багуудад баталгаажсан имэйл илгээгдэнэ.

Эцэст нь бүртгүүлэхээр хамтран оролцогчоо хайж байгаа хүмүүст урам зориг өгөх зөвлөгөө өгөөч.

Extensive Reading аргачлал бол олон улсад судалгаа шинжилгээгээр батлагдсан, гадаад хэлний сургалтын хөтөлбөрт хослон хэрэгжиж байгаа шалгарсан үр дүнтэй аргачлал юм. Хэдийгээр манай улсад дэлгэрээд удаагүй ч аль хэдийн үр дүнтэй нь батлагдаад сүүлийн хоёр жил гаруй хугацаанд олон хүн англи хэлээ сайжруулж, дараагийн түвшиндээ хүрч байгаа. Энэ хэрээр гишүүдийн хамрах хүрээ ч өргөжиж байна. Анхан шатны түвшнээс эхлээд зургаан сарын хугацаанд ахисан түвшинд хүрч чадсан гишүүд ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Та англи хэлээ сайжруулахаар нэгэнт шийдсэн бол танд тохирсон үр дүнтэй аргачлал нь байна, шийдэл нь бэлэн байна. Цаг хугацаатай уралдан өөртөө цаг гаргаад, тав тухтай бүснээс гараад өөрийгөө сориод үзээрэй гэж зөвлөмөөр байна.

Англи хэлийг анхлан суралцагч, сурах арга барилаа хараахан олоогүй, эсвэл түвшингээ ахиулах шаардлагатай байгаа, цаашид академик шалгалт болох IELTS, TOEFL өгөхөөр төлөвлөж байгаа, оноогоо ахиулахыг хүсч байгаа хүн бүхэн улсын хэмжээнд зохион байгуулагддаг энэхүү англиар ном унших уншлагын марафонд оролцоосой гэж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд энэхүү номын сан маань дижитал бөгөөд Та хаана байгаа газраасаа 1300+ номыг хүссэн үедээ, хүссэн түвшиндээ унших, сонсох боломжтойгоороо давуу талтай. Анхаарал тавьсанд баярлалаа.


Уншигч Та www.xreading.com цахим номын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь төлөөлөгч байгууллага болох Лингорсийн фэйсбүүк пэйж хуудас https://www.facebook.com/lingors болон Монгол дахь хэрэглэгч гишүүдийн нэгдсэн Extensive Readers in Mongolia группд орж мэдээлэл авах боломжтой.

Мөн 75059025, 99009025 утсаар мэдээлэл аваарай.

Powered by the Echo RSS Plugin by CodeRevolution.